Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон хэрэгжүүлэх, тайлагнах үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаар тогтоолоор "Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт"-ыг баталж, салбар тус бүрийн зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нарт, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, НҮБ-ын Суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, цаашид хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын (тухайн үеийн нэрээр) сайдад даалгасан.
Дэлхийн нийтээр Ил тод байдлын сайжруулсан тогтолцоо (ETF) руу шилжиж байгаатай холбоотойгоор улс орнууд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, зорилтоо биелүүлэх үйл явцыг мөшгих зорилгоор ХОЁР ЖИЛ ТУТМЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЙЛАН (BTR)-г боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэгтэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/435 тоот тушаалаар Үндэсний тавдугаар тайлан илтгэл болон Хоёр жил тутмын ил тод байдлын нэг, хоёрдугаар тайланг (BTR1,2) боловсруулах үүргийг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-д өгсөнөөс гадна Засгийн газрын 2020 оны 181-р тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д УАӨСХАТ нь "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн хүрээнд холбогдох тайлан илтгэлийг бэлтгэх" гэж заасан байдаг.
Монгол Улсын хүлэмжийн хийн ил тод байдлын анхдугаар тайлан, Үндэсний тавдугаар тайлан илтгэл болон хүлэмжийн хийн ил тод байдлын хоёрдугаар тайланг олон улсын стандартад нийцүүлж боловсруулан, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (УАӨСК)-д хүлээлгэн өгөх.
Үндэсний хүлэмжийн хийн тооллогын тайлан (NIR)
Парисын хэлэлцээрийн 4-р зүйлд заасны дагуу үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл
Парисын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн дагуу уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицохтой холбоотой мэдээлэл
Парисын хэлэлцээрийн 9-11 дүгээр зүйлд заасан санхүү, технологи хөгжүүлэлт, дамжуулалт, чадавх бэхжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийн талаарх мэдээлэл
Оролцогч талуудын оролцоотой холбоотой хийгдсэн арга хэмжээ, түүний тайланг ирүүлэх
Монгол Улсын Парисын Хэлэлцээрийн дагуу олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг биелүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг хянах, тайлагнах, дасан зохицох бодлогын хэрэгжилт болон Парисын хэлэлцээрийн 9-11 дүгээр зүйлд заасан санхүү, технологи хөгжүүлэлт, дамжуулалт, чадавх бэхжүүлэхэд хүлээн авсан мэдээллүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, цаашид шаардлагатай дэмжлэгийн талаарх мэдээллийг боловсруулах.
Энэ төслийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг хянах, багасгах арга хэмжээг сайжруулах нь Монгол Улсын байгаль орчны бодлого болон олон улсын хариуцлагад чухал хувь нэмэр оруулна. Үүнээс гадна дасан зохицох арга хэмжээ, санхүүжилтийн хэрэгцээ, боломжийг нарийвчлан тодорхойлох юм.