Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох чадавхыг бэхжүүлэх төсөл

Төслийн ерөнхий мэдээлэл

Төслийн нэр

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох чадавхыг бэхжүүлэх төсөл

Хэрэгжүүлэгч байгууллага

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОАУАӨЯ), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр

Санхүүжүүлэгч байгууллага

Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС)

Үндэслэл

Монгол Улсын Засгийн Газар нь Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС)-гийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох" төслийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байна. Төсөл нь Монгол Улсад олон салбарыг хамарсан дунд болон урт хугацааны дасан зохицох төлөвлөгөө, төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах арга хэмжээг хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулахад чиглэгдэж байна.

Энэхүү төслийн үндсэн зорилго нь Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх процессоор дамжуулан Монгол Улсын хэмжээнд гол оролцогч, хамтрагч талуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх юм.

Үндсэн ажлууд

УАӨДЗҮТ боловсруулах хүрээнд дараах таван үндсэн ажлыг гүйцэтгэнэ:

  • 1. Одоогийн нөхцөл байдал ба ирээдүйн төлвийн үнэлгээ (2030–2050)

    Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлыг иж бүрнээр үнэлж, суурь нөхцөл тогтоон, 2050 он хүртэлх ирээдүйн нөлөөллийг төсөөлнө. Энэ үнэлгээнд экосистем, усны нөөц, газрын менежмент, агаарын чанар, нийтийн эрүүл мэнд, хот байгуулалт, мал аж ахуй, газар тариалан зэрэг салбарууд хамрагдана.

  • 2. Дасан зохицох хэрэгцээг тодорхойлох

    Хууль эрх зүйн орчин, бодлого, засаглалын бүтэц, институцийн нөхцөлийг харгалзан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээг гүнзгий судална. Энэ үйл явцын төвд оролцогч талуудын оролцоог хангаж, үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн түвшинд үзүүлэх нийгэм-эдийн засгийн нөлөөллийг иж бүрнээр авч үзнэ.

  • 3. Дасан зохицох стратегийн талаар зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах

    Улс болон салбарын түвшинд зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөв байдал, стратеги болон УАӨДЗҮТ-ийн төслийг хэлэлцэнэ. Гол салбарын шинжээчид, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцож санал бодлоо тусгана.

  • 4. УАӨДЗҮТ-ийн төслийг боловсруулах (2023–2030)

    Хууль эрх зүйн, бодлогын, засаглалын, институцийн хүрээ болон дасан зохицох арга хэмжээ, шалгуур үзүүлэлтэд тулгуурлан УАӨДЗҮТ-ийн төслийг боловсруулна. Энэ ажил нь улс, бүс нутаг, салбарын хөгжлийн стратеги, гамшгийн эрсдэлийн менежментийн төлөвлөгөө, мөн Монгол Улсын НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь Конвенцод гаргасан Үндэсний тайлангуудтай уялдуулна.

  • 5. Хэрэгжүүлэх арга барил ба зарчмыг тодорхойлох

    УАӨДЗҮТ-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зарчим, арга барилыг тодорхойлно. Үүнд салбарын онцлог, газар зүйн хүчин зүйл, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтүүдийг хамруулж, харилцан уялдааг онцлон харуулна.

Зорилго, зорилт, арга хэмжээ

Ерөнхий зорилго

Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбаруудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, байгалийн гамшиг, цаг уурын эрсдэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, эмзэг байдал болон холбогдох эрсдэлийг бууруулах.

Салбар хоорондын тэргүүлэх чиглэлүүд

Зорилт 1: Дасан зохицох бодлого, институцийн хүрээг бэхжүүлнэ

Арга хэмжээ: 11

Зорилт 2: Мэдлэг, чадавхыг бэхжүүлнэ

Арга хэмжээ: 10

Дасан зохицох тэргүүлэх чиглэлүүд

Дасан зохицох тэргүүлэх чиглэл 1: Экосистем, биологийн олон янз байдал, газрын доройтол, цөлжилт

Зорилт 3: УАӨ-д экосистем болон биологийн олон янз байдлын дасан зохицох чадавхыг сайжруулна (7 арга хэмжээ)

Зорилт 4: Цөлжилт ба газрын доройтол, цэвдгийн алдралыг бууруулна (6 арга хэмжээ)

Дасан зохицох тэргүүлэх чиглэл 2: Усны нөөц горим, хангамж

Зорилт 5: Усны нөөц, чанарын хяналт шинжилгээний байнгын тасралтгүй, шинэ дэвшилтэт технологи, инновацад суурилсан сүлжээ байгуулан ажиллуулж мэдээлэл, үйлчилгээний шуурхай байдлыг хангана (5 арга хэмжээ)

Зорилт 6: Усны нөөцийг чийглэг ба сэрүүн бүсэд хуримтлуулан экосистемийн үйлчилгээг дэмжих, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар дасан зохицох чадварыг бүрдүүлнэ (10 арга хэмжээ)

Дасан зохицох тэргүүлэх чиглэл 3: Ойн салбар

Зорилт 7: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх чадвартай ойн салбарыг хөгжүүлнэ (5 арга хэмжээ)

Дасан зохицох тэргүүлэх чиглэл 4: Цаг агаар, уур амьсгалын гаралтай байгалийн гамшиг

Зорилт 8: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эрчимжих цаг уурын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах чадавхыг сайжруулах (6 арга хэмжээ)

Зорилт 9: Олон төрөлт гамшгийн нөлөөлөлд суурилсан эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгож, хариу арга хэмжээ авч шуурхай ажиллах боломжтой болно (4 арга хэмжээ)

Дасан зохицох тэргүүлэх чиглэл 5: Мал аж ахуй, бэлчээрийн менежмент

Зорилт 10: Бэлчээр, усны нөөц, даацад нийцсэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох дэвшилтэт технологид суурилсан, эрсдэл даах чадавхтай, бүтээмжтэй мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ (6 арга хэмжээ)

Зорилт 11: Мал сүргийн чанар, эдийн засгийн эргэлтийг сайжруулж, махны экспортыг нэмэгдүүлж, бэлчээрийн ачаалал, маллагааны зардлыг бууруулна (4 арга хэмжээ)

Дасан зохицох тэргүүлэх чиглэл 6: Газар тариалан

Зорилт 12: Уур амьсгалын өөрчлөлтийн эерэг нөлөөг үр дүнтэй ашиглах, сөрөг нөлөөг сааруулан, дасан зохицож, дэвшилтэт технологид тулгуурлан хөрсний үржил шимийг хамгаалж, өндөр бүтээмжтэй тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлнэ (6 арга хэмжээ)

Зорилт 13: Тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, тогтвортой ургац авах нөхцөлийг бүрдүүлнэ (4 арга хэмжээ)

Дасан зохицох тэргүүлэх чиглэл 7: Нийгмийн эрүүл мэнд

Зорилт 14: Хүн ам, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтний уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, эрсдэл багатай даван туулахад шаардлагатай судалгааны шинэ мэдээлэл нотолгоог бий болгож, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ (7 арга хэмжээ)

Дасан зохицох тэргүүлэх чиглэл 8: Нийгмийн хамгаалал, иргэдийн амьжиргаа

Зорилт 15: Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий нийгмийн бүлгүүдийг тодорхойлж, тэднийг чадавхжуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар эмзэг байдлыг бууруулна (8 арга хэмжээ)

Төслийн санхүүжилт

Нийт зардал

7.8 тэрбум ам.доллар

2030 он хүртэл ойролцоогоор

Дасан зохицох санхүүжилтийн хомсдол нь жил бүр дунджаар 1.72 их наяд төгрөг (ойролцоогоор 499 сая ам.доллар) бөгөөд энэ нь голчлон ус ба ойн салбарт шаардагдах өндөр хөрөнгө оруулалтын зардлаас шалтгаалж байна.

Санхүүжилтийн эх үүсвэрүүд

  • Засгийн газрын төсвийн хуваарилалт
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт (дотоодын болон олон улсын)
  • Хөгжлийн түншүүд болон хөнгөлөлттэй сангууд

Санхүүжилтийн боломжийг дээд хэмжээнд ашиглахын тулд Монгол Улсын УАӨДЗҮТ-ний санхүүжилтийн стратеги нь дасан зохицох хэрэгцээг хүн амын тоонд бус, харин нутаг дэвсгэрийн талбайд тулгуурлан илэрхийлэхийг онцолж байна. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай Конвенц, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенц зэрэг олон улсын эх үүсвэрүүдтэй уялдсан өргөн хүрээний санхүүжилтийн боломжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.