Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал эрс нэмэгджээ

Танин мэдэхүй   Ярилцлагын булан /  2017-10-4
438

"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулган уур амьсгалын талаарх бодлогыг үндэсний хэмжээнд, салбар хоорондын уялдааг хангаж, үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвлөх, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай элч З.Батжаргал хэлэхдээ Монгол орны уур амьсгалын нөхцөл байдал сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд хийсэн  судалгаанаас харахад агаарын дундаж температур 2.24 градусаар нэмэгдсэн. Харин хур танадас 13 хувиар буурсан. Хур тунадас буурахдаа анхаарал татаж байгаа зүйл юу вэ гэвэл зуны улиралд хур танадасны хэмжээ бага, өвөл нь хур тунадасны хэмжээ буюу цас нэмэгдэх төлөв гараад байна. Чийг хэрэгтэй үед нь чийг байхгүй байна гэдэг нь сайн зүйл биш. Энэ жилийн зуны хувьд ч ялгаагүй ийм байдал ажиглагдсан, өвөл нь ч ажиглагдах шинжтэй байна. Уур амьсгалын өөрчлөлт гэж ярьж байгаа зүйл нь эргээд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлж байна.

Дэлхийн хэмжээнд уур амьсгалын байдал асуудалтай байгаа. Эдийн засгаараа хүчтэй АНУ-д хүртэл байгаль, уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол зүгээр нэг сонирхуулж ярьдаг ойлголт биш. Энэ нь улс орны эдийн засгийн хувьд асар нөлөөтэй ойлголт. Хэрэв зөв бодлого тодорхойлоод явах юм бол эерэг өөрчлөлтүүд байж болно. Манай улсын хувьд дэлхийн дулаарлыг сааруулахад урьдчилсан байдлаар 14 хувь бууруулна гэсэн зорилт тавьсан гэлээ.

Дэлхийн дулааралтай холбоотойгоор манай улс юу хийх хэрэгтэй талаар “Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого боловсруулах чадавхийг хөгжүүлэх төслийн ахлах менежер” Илка Старостаас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны харж байгаагаар манай улс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу хийж болохоор байна вэ?

-Монгол Улс гэлтгүй дэлхийн хэмжээнд жил ирэх тусам уур амьсгалын өөрчлөлт сөргөөр өөрчлөгдөж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн бодлогоо үндэсний бодлоготойгоо уялдуулах шаардлагатай. Ялангуяа Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хурдан өртөж байгаагийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн бодлого, баримт бичгийг нэн яаралтай гаргах хэрэгтэй. Монгол их хэмжээний ялгарлаараа дэлхийд тэргүүлдэггүй ч гэсэн нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлаараа дээгүүрт явж байгаа. Тийм учраас нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд тодорхой голлох салбаруудад чиглэх бодлогыг боловсруулах нь зүйтэй. Жилд ойролцоогоор 5-7 тонн хүлэмжийн хий ялгардаг гэсэн судалгаа гарсан.

-Бусад орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийнхөө эсрэг ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Улс болгон өөр өөрсдөдөө тохирсон тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр байгаль орчинд ээлтэй технологи хэрэгжүүлэх арга хэмжээг авч өөрчлөлтүүдийг бууруулна гэх үүрэг авчихсан байгаа тэр үүрэг амлалтаа хэрэгжүүлж эхлээгүй байгаа учир жишээ авч ярих гэвэл дутмаг байна.

-Хүлэмжийн хий ихсэх нь ямар үр дагавартай вэ?

-Хүлэмжийн хий ихэснэ гэдэг нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлнэ гэсэн үг. 2100 он хүртэл 2 градусаас доош хэмд барих дэлхийн зорилт түвэгтэй болж байна. Ихээхэн хүчин чармайлт гаргаж зорилгоо биелүүлэх хэрэгтэй болж байгаа хэрэг. Тэгэхээр улс орон болгон өөрсдийнхөө хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон мөн дасан зохицох бүхий л боломжит арга хэмжээгээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Хятад, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй улсуудын хувьд, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад их түвэгтэй байдаг. Хүлэмжийн хийн ялгарал нь хүн амын өсөлттэй шууд холбоотой юм л даа. Монгол Улс хүлэжийн хийн ялгарлыг ихээр нь бууруулж чадахгүй ч гэсэн голлох салбарууд болох хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхайн салбарууддаа байгальд ээлтэй технологи гаргах нь зүйтэй болов уу гэж бодож байна.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ