Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудлаар сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

8054

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (UNEP NAP) төсөл, “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” (UNEP GEF NCBUR) төсөл, “Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх” (UNFAO CBIT) төсөл хамтран “Парисын Хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам сургалтын арга хэмжээг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн суурь асуудал, түүнд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох аргууд зэрэг сэдвийн хүрээнд сургалтын модуль боловсруулж энэ чиглэлээр сертификаттай сургагч багш нарыг бэлтгэж байгаа явдал нь орон нутагт уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр салбар дундын зохицуулалтыг хангах суурийг тавьж байгааг онцоллоо.

Тус арга хэмжээний гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн суурь мэдээллийг олгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг бууруулах арга хэмжээ, уур амьсгалын санхүүжилтийн талаар нэгдсэн мэдээллээр орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдийг хангах, цаашдын уялдаа холбоог сайжруулах юм.

Энэ удаагийн сургалтад 21 Аймгийн Засаг даргын тамгын газар (ЗДТГ), Ус, цаг уур, орчны шинжилгээний төв (УЦУОШТ), Байгаль орчин, аялал жуулчлалын газар (БОАЖГ), Хүнс, хөдөө аж ахуйн газар (ХХААГ) -ын нийт 100 мэргэжилтнүүд оролцож, дараах сургалтын модулийн дагуу мэдлэг, мэдээлэл авлаа.

 Модуль 1: Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл

Модуль 2: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах

Модуль 3: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

Модуль 4: Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, арга хэмжээ

Модуль 5: Уур амьсгалын санхүүжилт, Орон нутагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, сайн туршлага

 Сургалтаар олж авсан мэдлэг, мэдээлэл нь орон нутагт тулгамдаж буй асуудлын шийдлийг олоход тус дэм болж, мэргэжлийн байгууллагын бусад төлөөлөлүүдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд үр нөлөөгөө өгнө гэдэгт найдаж байна. 

 







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ