2026 онд МУ-д зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх суурь конвенцед нэгдэн орсон талуудын 17 -р бага хурлын ажлын хэсгийг БОАЖ-ын сайд ахалж ажиллана.

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2022-10-3
3948

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцэд нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсгийг байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргалаа.

Эргэн санавал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах шийдвэрийг 2022 оны 05 сарын 09-20-ны өдрүүдэд COP15 дугаар хурлаас гаргасан.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна. Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна.

Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод буй. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл ч бий. Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ