Уурь амьсгалын үндэсний хорооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2022-3-25
3978

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газраас 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Уур амьсгалын үндэсний хорооны мэргэжлийн зөвлөлийн гишүүд болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн салбарын яамдын зохицуулагчдадын бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн зөвлөлийн ээлжит хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны явц, олон улсын түвшинд сүүлийн үед явагдаж байгаа яриа хэлэлцээрийн дүгнэлт, зорилт, түүнд хүрэх арга зам, улс орнуудын хэмжээнд авах шаардлагатай арга хэмжээний талаар танилцуулах, мөн Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилтыг ахиулан тодорхойлох шаардлага, явц, Монгол орны нөхцөлд тохирсон хүлэмжийн хийн ялгарлын тооллогын шинэ арга зүйг боловсруулсан үр дүнгийн талаар танилцуулж, хэлэлцүүллээ.

Энэхүү хуралдаанаар ярилцсан асуудлуудыг Үндэсний уур амьсгалын үндэсний хорооны ээлжит хурлаар хэлэлцүүлэх юм. 

Үндэсний хорооны үндсэн үүрэг нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлцэх чадварыг сайжруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөөс болон олон улсын түвшинд баримталж буй бодлого, хэрэгжилтийг салбар дундын уялдаа, удирдлага, зохицуулалтаар хангахад оршдог.

Уур амьсгалын үндэсний хорооны дэргэдэх Мэргэжлийн зөвлөл нь уур амьсгалын холбогдолтой асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Хороонд зөвлөгөө өгч ажилладаг.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан хамгийн том сорилт, асуудал болоод байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хүрэн эдийн засгийн тогтолцоо буюу хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэт ялгарал гэж эрдэмтэд үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд гишүүн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах үүрэг хүлээсэн.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүлэмжийн хийн ялгарлыг 2024 он гэхэд 12.3%-иар бууруулахаар зорилт дэвшүүлсэн. 

Энэ хүрээнд хүлэмжийн хийн ялгарал ихтэй эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, зам тээвэр, хог хаягдал зэрэг 6 салбарт бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг ус, ой, биологийн олон янз байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэнд, амьжиргааг сайжруулах чиглэлээр тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.

Иймд, дээрх зорилт, арга хэмжээг үндэсний болон салбарын бодлого, төлөвлөлтөд тусган, хэрэгжилтийг хангуулах нь үндэсний хорооны нэн тэргүүний анхаарах асуудал тул мэргэжлийн зөвлөлийн гишүүд та бидний хамтын хүчин чармайлт, манлайлал чухал байна.

 






Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ