"Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл" -ийн хамтарсан зохицуулах хорооны 4-р хурал зохион байгуулагдлаа

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2022-3-1
5589

“Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны 4-р хурал буюу төслийн эцсийн хурал 2022 оны 02 сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хүлэмжийн хийн үндэсний тооллого (ХХҮТ) хийх чадавхыг бэхжүүлэх замаар тооллогын мөчлөгийг тогтмол сайжруулах зорилгоор ЖАЙКА, БОАЖЯ, Байгаль орчин уур амьсгалын сан, Монгол улсын Сангийн Яам гэсэн дөрвөн талын харилцан зөвшилцөлд үндэслэн 2017 оны 6 сарын 27-нд хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын  үсэг зурснаар тус төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийг БОАЖЯ-ны харъяа “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв” (УАӨСХАТ) хэрэгжүүлсэн юм.

Тус хурлыг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам  үг хэлж УАӨСХАТ-ийн захирал Б.Ерөөлт хурлыг удирдан явуулав. Тус хурлаар төсөл хэрэгжүүлэх явцад тулгарсан саад бэрхшээл, сорилтуудын талаар мэдээлэл хүргэж, цаашид ХХҮТ-ыг тасралтгүй сайжруулах зөвлөмж танилцуулж, төслийн үр дүнг дүгнэн хэлэлцэв. БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндуламхэлсэн үгэндээ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод хүлээсэн үүргийн дагуу хийж буй суурь судалгаа, бэлтгэсэн тайлан мэдээллийн ач холбогдлыг дурдахын ялдамд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад хүлэмжийн хийн ялгарлын тооцоо судалгааг тасралтгүй сайжруулах чиглэлээр хэрэгжсэн эл төслийн үр дүнг хэлэлцэх, дүгнэх, цаашдын үй ажиллагаандаа ашиглах талаар онцолсон юм.

Хүлэмжийн хийн тооллогыг тодорхой мөчлөгтэйгөөр хийхэд шаардлагатай үйл ажиллагааг БОАЖЯ цаг тухайд нь хариуцан зохион байгуулж одоогоор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн дэргэд хүлэмжийн хийн тооллогыг хийх нэгж, багийг томилон ажиллуулж байгаа. Үндэсний түвшинд хүлэмжийн хийн тооллогыг хийхэд бүтэц, зохион байгуулалтын орчны өөрчлөлт, тогтворгүй байдлаас үүдэн хариуцсан нэгж, байгууллагуудад үе үе өөрчлөлт гарч хүний нөөцийн чадавх буурах, тогтворгүй байдал үүсэх, мэдээ мэдээллийн алдагдал үүсэх зэрэг онцлох бэрхшээлүүд үүссээр ирсэн. Эдгээр саад бэрхшээлүүдийг бууруулах, үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн тооллогыг тодорхой мөчлөг тутамд хийхдээ тогтвортой, тасралтгүй хийх, сайжруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ЖАЙКА байгууллагатай хамтран “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл”-ийг эхлэн өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн үр дүнд УАӨСХАТ нь Монгол улсад ХХҮТ-ыг хэрхэн хийж байгаа байдалд үнэлгээ хийж, техникийн үнэлгээний аргачлалыг боловсруулж аргачлалыг ашиглан хамгийн сүүлд хийгдсэн ХХҮТ-д үнэлгээ хийж, тулгарч байгаа асуудал, сорилтыг тодруулан, сайжруулалт хийх голлон анхаарах асуудлуудыг тодорхойлж, сайжруулах төлөвлөгөөнд үндэслэн УАӨСХАТ болон ЖАЙКА төслийн мэргэжилтнүүд ХХҮТ-ыг сайжруулахад нэмэр болох аргачлал, гарын авлага боловсруулсан. Түүнчлэн төслийн хүрээнд холбогдох талуудтай хамран ажиллаж, эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тооцох ажлыг сайжруулсан зэрэг үр дүнгүүд гарсан байна.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ