Уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний уулзалт

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2021-4-27
35722

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден 40 улс орны удирдагчдыг Уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалтад урьжээ. Ерөнхийлөгч мөн уур амьсгалын хүчирхэг манлайлал гаргасан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий эсвэл нүүрстөрөгчийн ялгаралгүй эдийн засгийн замналд шинэлэг зарчмаар явж байгаа орнуудын удирдагчдыг урьсан байна. Энэхүү уулзалтыг санаачлан зохион байгуулсан АНУ-ын хувьд Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж орсноор уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар манлайлагч орон болохоо харуулах гадаад бодлогын чухал алхам болж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн тус уулзалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж байгаа нь олон улсын “Эх дэлхийн өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог юм.

Уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг илүү эрчимтэй болгох зайлшгүй шаардлага болон түүний эдийн засгийн  үр  ашгийг онцлон анхаарах болно. Тус уулзалт нь энэ оны 11 дүгээр сард Глазго хотноо болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын бага хурлын (COP26) өмнөх түүхэн чухал үйл явдал юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн аюултай нөлөөллөөс сэргийлэхийн тулд дэлхийн дулаарлыг 1.5 цельсийн хэмд хязгаарлах шаардлагатайг эрдэмтэд сүүлийн жилүүдэд онцлон анхааруулж байна. Удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон СОР26 уулзалтын үндсэн зорилго бол дулаарлыг 1.5 хэмд барих зорилтыг биелүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг хурдасгахад оршино. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь уур амьсгалын идэвх санаачилгаа өргөжүүлснээр хэрхэн өндөр цалинтай ажлын байр бий болгож, шинэ технологи хөгжүүлэн нэвтрүүлж, эмзэг өртөмтгий улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицоход нь туслах боломжтойг харуулсан жишээнүүдийг онцлох болно.

 

Дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүд:

  • Дулаарлыг 1.5 хэмд хязгаарлахад чухал ач холбогдолтой энэ арван жилийн турш дэлхийн томоохон эдийн засгуудын хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах хүчин чармайлтыг түргэвчлүүлэх
  • Нүүрстөрөгчийн ялгаралгүй шилжилт рүү хөтлөх болон эмзэг өртөмтгий улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулахад туслах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийг дэмжих
  • Уур амьсгалын өөрчлөлтийг багасгах арга хэмжээний эдийн засгийн ашгийг шинээр ажлын байр бий болгох тал дээр анхааран шинэ цэвэр эрчим хүчний эдийн засаг руу шилжихэд бүх нийгмийн бүлгүүдэд ашигтай байхаар хангах нь нэн чухал болох тухай
  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нэмэр болох шинэ технологиудыг дэмжихийн сацуу эдийн засгийн шинэ томоохон боломжуудыг  бий болгож, ирээдүйн үйлдвэрлэлийн салбарыг бүтээн байгуулах
  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүний амь нас, амьжиргааг хамгаалах чадавхыг бэхжүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй дэлхийн аюулгүй байдлын хүндрэлүүд болон бэлэн байдалд үзүүлж буй нөлөөлөлд анхаарлаа хандуулж, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй болох зорилтод хүрэхэд байгальд суурилсан шийдлүүдийн гүйцэтгэх байр суурийн тухай хэлэлцэх

 

Уулзалтын гол үр дүн:

  • АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаа 2005 оны түвшинтэй харьцуулахад 50-52% багасгах амлалт өгөв. Энэхүү шинэ зорилт нь АНУ-ын Парисын Хэлэлцээрт тавьсан зорилтоос даруй хоёр дахин их юм. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэн даруй арга хэмжээ авах нь ёс суртахууны бөгөөд эдийн засгийн үүрэг хариуцлага хэмээжээ.
    • Хэдийгээр АНУ-ын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн их санаачилгатай зорилт болж байгаа боловч зарим судалгааны байгууллагуудын хувьд олон улсын тавцанд Их Британийн Нэгдсэн Вант Улс болон Европын Холбооны хойно орсноор хамгийн алсын хараатай зорилт төдийлөн болж чадаагүй байна.
  • Их Британийн Нэгдсэн Вант Улс 2035 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаа 1990 оны ялгарлын түвшнээс 78% бууруулах хуулийн зохицуулалт хийж байгаагаа мэдэгдэв.
  • Европын Холбоо 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 1990 онтой харьцуулахад 55%-иар багасгана.
  • Дэлхийн хамгийн их нүүрстөрөгч ялгаруулагч болох Хятад ба Энэтхэг улсуудын удирдагчид шинэ амлалт өгсөнгүй.
  • БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин өмнөх тавьсан зорилт буюу 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй болохоо давтан тэмдэглэж, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ногоон хөгжил болон олон талт оролцоог чухалчилж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр нүүрсээр ажиллах эрчим хүч үйлдвэрлэлийн төслүүдэд илүү чанга хяналт тавин ажиллаж, 14 дэх 5 жил тутмын төлөвлөгөөний үед нүүрсний хэрэглээний өсөлтийг хязгаарлаж, 15 дахь 5 жил тутмын төлөвлөгөөний үед аажмаар багасгана гэдгээ мэдэгдэв.
  • Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг уриалж, “Энэтхэг АНУ хоорондын Уур амьсгал ба цэвэр эрчим хүчний хөтөлбөрийн түншлэл 2030”-ыг зарлав. Тэрээр мөн 2030 он гэхэд 450 ГВт сэргээгдэх эрчим хүч шинээр үйлдвэрлэх зорилтоо давтан хэлсэн юм.
  • Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Суга 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2013 оны түвшинтэй харьцуулахад 46%-иар бууруулах шинэ зорилт зарлав. Япон улс өмнөх зорилтдоо 26%-иар бууруулахаар тогтсон байсан бөгөөд тус зорилтыг хангалтгүй хэмээн шүүмжлүүлж байв. Мөн Ерөнхий сайд Суга 2050 он гэхэд Япон улс нүүрстөрөгчийн ялгаралгүй орон болохоо амлаж, “Япон улс дэлхий дахиныраа  нүүрснээс ангижрах үйл явцад манлайлагч болохоо харуулахад бэлэн байна” гэжээ.
  • Канад улс мөн зорилтоо шинэчилж, 2030 он гэхэд 2005 оны ялгарлын түвшнээс 40-45% бууруулахаа мэдэгдэв (өмнөх зорилт нь 30% бууруулах). Гэвч Дэлхийн Нөөцийн Хүрээлэнгийн (World Resources Institute) Хелен Маунтфорд “Канад улсын 2030 онд нүүрстөрөгчийн ялгарал бууруулах зорилт өмнөх зорилтоосоо илүү чанга хэдий ч аюултай хэмжээний дулаарлаас зайлсхийхэд шаардагдах хэмжээнээс бага байна” гэж шүүмжлэв. Мөн тэрээр “Нүүрстөрөгчийн бохирдолд төлөх үнэ тогтоох зэрэг бодит арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорьж буй Канадын хүчин чармайлтыг таатайгаар хүлээн авч байгаа хэдий ч өнөөдөр тавьсан зорилтоосоо хамаагүй илүү санаачилгатай зорилго тавих нь зүйтэй” гэв.
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дараагийн 30 жилд улсынхаа хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бодитой хэмжээгээр бууруулж, ОХУ дэлхийн нүүрсхүчлийн хийг (CO2) шингээхэд томоохон хувь нэмэр оруулдаг тухай онцлон тэмдэглэв. Мөн тэрээр ОХУ 1990 оны нүүрстөрөгчийн ялгаралтай харьцуулахад бараг 50% бууруулсан хэмээж, нүүрсхүчлийн хийнээс 84 дахин илүү хүчтэй хүлэмжийн хий болох метан хийн хэмжээг дэлхий даяар багасгахыг уриалав.
  • Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэй Ин хилийн чанад дахь нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрүүдэд өгдөг санхүүжилтийг зогсоохоо мэдэгдэж, нүүрстөрөгчийн ялгарал бууруулах амлалтаа илүү чангатгахаар төлөвлөж байгаа тухайгаа зарлав.
  • Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон олон улсын зүгээс нүүрстөрөгчийн ялгарлаа тодорхой хэмжээгээр бууруулах зорилтоо чангатгах шахалтаас түдгэлзэж, Австрали улс “аль болох хурдан” нүүрстөрөгчийн ялгаралгүй орон болох замналаар явж байгаа гэдгийг тодотгов. Австрали улс Парисын Хэлэлцээрт нүүрстөрөгчийн ялгарлаа 2005 оныхтой харьцуулахад 26-28% бууруулах зорилт тавьсан. Мөн тэрээр Австрали улс сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэлтээр дэлхийн нэг хүнд ногдох дунджаас 10 дахин хурдан байгаа тухай онцолж, $20 тэрбумын санхүүжилтийг цэвэр устөрөгч, ногоон ган, эрчим хүчний нөөцлүүр гэх мэт технологийг цаашид дэмжихэд хөрөнгө оруулахаар мэдэгдэв.
  • Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро тус улс дахь хууль бус ой мод огтлолыг 2030 он гэхэд бүрэн зогсоож, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй орон болохоо мэдэгдэв.
  • Далайн усны түвшний нэмэгдэл, жил ирэх тусам аюултай болж буй далайн хар шуурганд хамгийн их хохирол амсаж байгаа жижиг улс болон арлын орнуудын удирдагчид дэлхийн хүчирхэг гүрнүүдээс тусламж хүсэж, хүлэмжийн хийн ялгарлыг хурдан багасгахыг хүсэв.
    • Антигуа ба Барбудагийн Ерөнхий сайд Гастон Алфонсо Браун хэлэхдээ “Бид хүлэмжийн хийн ялгаралд хамгийн бага хувь нэмэр оруулагчид хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртдөг” гэв. Мөн тэрээр уур амьсгалын дүрвэгч нарын урсгал бий болохоос сэргийлэхийн тулд хар шуурга, цар тахлын хүндрэлээс эргэн сэргэхэд зээлийн дэмжлэг болон олон улсын туслалцаа шаардлагатай тухай дурдав. “Ард түмэн цөхрөлийн ирмэг дээр дэндэгнэж байна” гэж тэр хэлсэн байна.
  • Тэрбумтан бөгөөд Нью Йорк хотын дарга байсан Майкл Блуумберг “Бид уур амьсгалын өөрчлөлтийг түүхэн их хэмжээний шинэ хөрөнгө оруулалтгүйгээр даван туулж чадахгүй. Бид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд илүү ихийг хурдан хийх шаардлагатай байна” хэмээжээ.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Жон Керри АНУ-ын дэд бүтцийг илүү цэвэр (байгальд ээлтэй) байдлаар шинэчлэн өөрчлөх нь тус улсын эдийн засагт урт хугацаандаа өгөөжтэй байх болно гэдгийг чухалчилсан юм.
  • Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда “Польш улсад дараагийн 20 жилд нүүрсөтөргчийн ялгаралгүй эрчим хүчний шинэ систем бүтээхээр ажиллаж байна. Ингэснээр өнөөгийн нүүрсний ашиглалтын түвшин буюу 70%-ийг 2040 он гэхэд 11% болтол бууруулах боломжтой гэж үзэж байна” хэмээжээ. Мөн тэрээр 2049 он гэхэд бүх нүүрсний цахилгаан станцуудыг хаана гэсэн байна.
  • Испани улсын Ерөнхий сайд Педро Санчез тус улсын бүх нүүрсний уурхайг хааж, ихэнх нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон тухайгаа зарлав. Өнгөрсөн он гэхэд нүүрснээс гаргасан цахилгаан эрчим хүч нь улсын хэмжээнд зөвхөн 2.6%-ийг эзэлсэн байна.

 

For more information:

https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/03/26/president-biden-invites-40-world-leaders-to-leaders-summit-on-climate/

https://www.state.gov/leaders-summit-on-climate/schedule/#session-3-round-1





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ