З.Батжаргал: Дусал ус баяжуулсан зэснээс ч үнэтэй болж магадгүй

Танин мэдэхүй   Ярилцлагын булан
2017-10-4
6192
 
“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр’’ олон улсын чуулган өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх тал энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх зорилготой аж. Чуулганыг нээж БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол үг хэллээ. Тэрбээр “Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг. Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсаас оруулж буй хувь нэмэр бага ч бид уур амьсгалын өөрчлөлтөд өртөх нь байгаль экологи, нийгэм, эдийн засагт хүнд тусч байгаа билээ.
 
...Дэлхийн дулааралтай холбоотойгоор Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол усны аюулгүй байдал. Үүнийг хүмүүс ноцтой асуудал гэж хардаггүй. Зарим улс оронд дусал ус дэлхийн хамгийн том зэсийн ордын нэг болох Монголын Оюутолгойн уурхайн ажилтны барьж буй баяжуулсан зэснээс ч үнэтэй болж магадгүй...
 
Иймд үндэсний төвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрс хүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод хувь нэмэр оруулах нь чухал зорилт болоод байна. Энэхүү зорилтод хүрэхийн тулд хөрөнгө санхүүжилтийн болон хэрэгжүүлэх  чадавхи,үйл ажиллагааны уялдаатай холбоотой бэрхшээл тулгарч байгаа учраас бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний заалт бүрийг хэрэгжүүлж чадахгүй байна. Ялангуяа санхүүжилтийн хувьд улсын төсвөөс хараат байх, төр, засгийн байгууллага хариуцаж гүйцэтгэх нь төдийлөн оновчтой биш учраас төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, иргэдийн хөрөнгө оруулалт, санаачлагыг дэмжих шаардлагатай” гэлээ. Энэ үеэр БОАЖ-ын сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргалтай ярилцлаа.
 
- Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хэрхэн хувь нэмэр оруулж байна. Ямар үр дүн гарч байна вэ?
 
-Хувь нэмэр гэхээр хүмүүс үүрэг хүлээх тухай боддог. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсын эдийн засаг, нийгэмд ямар нэгэн байдлаар учирч байгаа дарамтыг сааруулахын тулд авах арга хэмжээ болон өөрийн улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг хэлж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихын тулд ойрын жишээ татъя. Энэ зун хур бороо оройтож орсон учраас олон аймаг, сум гантай байлаа. Гэтэл долоодугаар сарын сүүлчээр их хэмжээний бороо орж, эрсдэл үүссэн. Тухайлбал, зуншлага сайтай байх болов уу гээд тариалалт хийсэн боловч дийлэнх ургацаа алдсан. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн бодит жишээ. Бороо орох давтамж цөөрсөн эсвэл нэмэгдсэн гэдгийг биш уур амьсгалын өөрчлөлт эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар ярьж байна. Жишээлбэл, өнгөрсөн оны долоодугаар сард Баян-Өлгий аймагт аянга шуурга, үер болж хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж байсан. Мөн энэ оны долоодугаар сард Таацын голын үерлэж, газрын хөрс угаагдаж, хурдны замын гүүр эвдэрсэн. Монгол орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан хүчтэй ган 2002 оны зун болж байсан.
 
-Уур амьсгалын өөрчлөлтийн өмнө олон улс арга мухарддаг. Ер нь цаашид үүнийг даван туулах ямар арга зам байна вэ?
 
-“German Watch” байгууллагын уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээгээр /1993- 2013/ Монгол Улс дэлхийн 174 орноос эхний наймдугаар байрт орсон. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах ёстой. Дасан зохицох гэдэг нь газар тариалангийн бүс нутагт жил бүр ган болбол тариалалт хийхээ болих эсвэл ганд тэсвэртэй үр ашиглах зэргээр өөр байдлаар шийдвэрлэх. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа шинжилгээ хийж, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Одоогийн байгаа нөхцөлийг харахад эдийн засгийн боломжгүй учраас олон улсад хандаж, түнш улс оронтой хамтарч ажиллах хэрэгтэй тул эНэхүү чуулганыг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж тэдгээрийн санхүужилтийн механизмын талаар хэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гарна.
 
-Манай улс хүлэмжийн хийг хэдэн хувиар бууруулна гэж тооцсон бэ? 
 
-Парисын  хэлэлцээрт  нэгдэхийн өмнө уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр гэсэн бичиг баримтыг боловсруулсан. Түүнд 2030 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэж тусгасан. Энэхүү зорилтод хүрэхийн тулд нүүрс шатааж, цахилгаан үйлдвэрлэхийн оронд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглах, шатахуунаар биш цахилгаанаар явдаг автомашины тоог нэмэгдүүлэх ёстой. Хүлэмжийн хийг бууруулснаар Монгол Улс төдийгүй ард иргэдэд тустай. Тухайн улс орны хөгжпийг эрчимжүүлж,идэвхжүүлэх “хүрэн” эдийн засгаас ногоон руу шилжих асуудлыг шийдвэрлэхэд нөлөөтэй.
 
-Ийм хэмжээнд хүртэл бууруулах боломж бий юү? 
 
-Бүрэн боломжтой. Зөвхөн хүлэмжийн хийн ялгаралтыг тооцож,тийм зорилт дэвшүүлсэн. Хүлэмжийн хийг шингээдэг асуудлыг тооцоогүй. Үүнээс гадна аливаа асуудлыг сэргээгдэх эрчим хүч ашиглаж шийдвэрлэвэл зорилтод хүрнэ.
 
-Дэлхийн дулаарал эрчимтэй явж байна. Үүний улмаас Монголд юу болж болзошгүй вэ?
 
-Монгол орны нийт газар нутгийн 63 хувь тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдэгтэй. Гэтэл энэ нь сүүлийн 40 жилд их хэмжээгээр хайлж байна. Ингэснээр гүний усны горим өөрчлөгден хөрсний чийгт сөргөөр нөлөөлж улмаар ойн доройтол, биомассын хомсдол, ургамлыг бүтцийг бууруулах зэрэг сөрөг олон үр дагавар бий болж байна. Мөн дэд бүтэц, барилга, төмөр зам болон бусад зам тээврийн сүлжээнд сөрөг нөлөөтэй. Шинжээчдийн хэлснээр хэт халалтаас үүдэлтэй агаар мандлын зуны улирлын эргэлт ерөнхийдөө удаашрах магадлал өндөр. Энэ нь зуны хур тунадасны хэлбэлзлийг алдагдуулж, эрчмийг нэмэгдүүлэх талтай. Тухайлбал, хэт халуун эсвэл цочмог хүйтрэх, цас их хэмжээгээр орох, хүчтэй шороон шуурга гэх мэт. Дэлхийн дулааралтай холбоотойгоор Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол усны аюулгүй байдал. Үүнийг хүмүүс ноцтой асуудал гэж хардаггүй. Зарим улс оронд дусал ус дэлхийн хамгийн том зэсийн ордын нэг болох Монголын Оюутолгойн уурхайн ажилтны барьж буй баяжуулсан зэснээс ч үнэтэй болж магадгүй.
 
-Манай улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувь нь цөлжилтөд өртсөн бол?
 
- 76.8 хувь нь дунд болон хүчтэй цөлжилтөд өртсөн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол оронд эмзэг байдал, эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлж байна. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тааламжгүй ялангуяа малын тоо толгойн өсөлтийн одоогийн хандлага, малын бүтцийг бэлчээрийн даацаас илүүтэйгээр зах зээлийн нөхцөлөөр зохицуулж байна. Хур тунадасны орон зайн болон цаг хугацааны өөрчлөлтөөс шалтгаалан тариалангийн талбайн дийлэнх бүс нутагт
цаашид усалгаагүй газар тариалан эрхлэхэд тааламжгүй байхаар байна.
 
-Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор Монгол Улсад ямар ашигтай вэ?
 
 -Хөгжингүй улс орон 2020 он гэхэд улсын болон хувийн эх үүсвэрээс жилд 100 тэрбум ам.долларыг хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд 2025 он хүртэл зарцуулахаар тохиролцсон. Энэ нь хөгжингүй болон хөгжиж буй оронд цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас учирсан гарз, хохирлын үнэлгээтэй харьцуулахад тийм ч их тоо биш. Малчид дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэг, таван хошуу мал бүхий сүргийн бүтэц нь байгальд ээлтэй, эрсдэл багатай, байгалийн баялгийг хамгийн үр дүнтэй ашигладаг хэв шинж юм. Энэхүү амьдралын хэв шинж нь цаг агаарын хэвийн тогтвортой байдалд, уур амьсгалын хэлбэлзэд эрсдэл багатай ч уур амьсгалын системийн хурдтай болон тогтмол бус эргэлт буцалтгүй өөрчлөлтөд эмзэг.
 
-Уур амьсгалын өөрчлелттэй уялдаатай суурь шилжилтийг ямар замаар хийх ёстой вэ? 
 
-Суурь шилжилтийг хоёр замаар хийж болно. Ногоон эдийн засаг, шинэ технологи болон мэдлэг, чадварт суурилсан ирээдүй рүү урагшлах эсвэл нэмэлт дэмжлэг болгох үүднээс ирээдүй үе рүүгээ буцах. Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуй нь эдийн засгийн гол салбар байсан. Өнөө үед уул уурхай гэх бусад салбар эдийн засгийг “хүрэн" болгож байна. Одоогоор хөдөө аж ахуйн салбар уул уурхай шиг ДНБ-д ихээхэн хувь нэмэр оруулахгүй байгаа боловч орон нутгийн ард иргэдийн орлогын үндсэн эх үүсвэр болсоор байгаа. Бид уул уурхай болон олборлох бусад салбарт тулгуурласан эдийн засгийн хүрэн хөгжлийг үргэлжлүүлэх үү эсвэл эдийн засгаа төрөлжүүлэх, үүнд хүн оюун ухаанаа зарцуулсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих замаар хөгжих үү гэдгээ тодорхой болгох ёстой.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин






Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ