Ногоон ажлын байрыг, цэвэр технологи, инноваци, бизнес эрхлэлтийг дэмжих замаар нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжинэ

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ   Арга хэмжээ, хурал чуулган
2023-5-27
3910

Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудалд онцгой анхаарал хандуулан дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх үүрэг хариуцлага тулгарч байна. Тус хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна. Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, тус хэлэлцээрийг дагуу 2020 онд дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмэр (Nationally Determined Contribution)-ээ баталсан. Энэ баримт бичгийг 5 жил тутам шинэчлэн тодорхойлж, ялгарлыг тооцон, бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээ ил тод байдлаар тайлагнаж байх, шинэ тогтолцоонд шилжиж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн санхүүжилтээр НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, түүний харъяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвтэй хамтран хэрэгжүүлэх “Ногоон ажлын байрыг, цэвэр технологийн инноваци, бизнес эрхлэлтийг дэмжих замаар нэмэгдүүлэх нь” төслийн эхлэлийн семинарыг  2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

 Уг арга хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд М. Ганбаатар, НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын мэргэжилтэн Наоки Тори, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Б.Эрдэнэчимэг нар нээж, төслийн ерөнхий төлөвлөгөө зорилго, үр дүнгийн талаар төвийн шинжлэх ухааны зөвлөх доктор Ж.Чойханд танилцуулж, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкнууд өөрсдийн “Ногоон санхүүжилт”-ийн талаар танилцуулга хийлээ.

Төсөл хэрэгжсэнээр хүлэмжийн хий ихээр ялгаруулж байгаа эдийн засгийн голлох салбаруудын техник, технологийг ус, эрчим хүчний хэмнэлттэй цэвэр, ногоон технологид шилжүүлэх, хатуу түлшний хэрэглээг үе шаттай бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ