"МОНГОЛ УЛСЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТООЛЛОГЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БОЛОН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТООЛЛОГЫН ЧАНАРЫН БАТАЛГАА" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙГДЭЖ БАЙНА
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон хэрэгжүүлэх, тайлагнах үүрэг хүлээсэн. Монгол улс энэ үүргийнхээ хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаар тогтоолоор "Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт"-ыг баталж, салбар тус бүрийн зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нарт, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, НҮБ-ын Суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, цаашид хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын (тухайн үеийн нэрээр) сайдад даалгасан байдаг.
Монгол улс дээр дурдсан хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн тооллогыг салбар бүрээр тооцож, Үндэсний тайлан илтгэлийг 4 удаа, Хоёр жил тутмын тайлан илтгэлийг 2 удаа боловсруулан НҮБ-ын Суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн. Цаашид хүлэмжийн хийн тооллогын чанарыг сайжруулахын тулд хууль эрхзүйн орчин, удирдлагын тогтолцоо болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцож буй арга аргачлалаа сайжруулахаас гадна үндсэн өгөдөл мэдээллийн архивлалт, хүний нөөцийн тогтвортой байдлаа хадгалж, ашиглагдаж буй мэдээ мэдээллийн үнэн зөв, баталгаатай байдалд анхаарах нь чухал юм.
Үүнтэй холбоотойгоор Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Ил тод байдлын тогтолцоог сайжруулах үндэсний чадавхийг бэхжүүлэх, тэр дундаа 2024 оны 12 сарын 31-ээр бүх улс орнууд Хоёр жил тутмын ил тод байдлын тайланг хүлээлгэн өгөхтэй холбоотойгоор НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн нарийн бичгийн дарга нарын газраас хүлэмжийн хийн тооллогын системийн болон үндэсний тооллогын тайлагналтын чанарын баталгааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэлэлцүүлгийг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвтэй хамтран 2024 оны 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлагууд, эрдэм шинжилгээний болон хүлэмжийн хийн тооллогын мэдээ мэдээллээр хангагч байгууллагуудын төлөөллөөс гадна бусад оролцогч талууд оролцож байна.