Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын хэрэгжилт, төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах зөвлөлдөх уулзалт боллоо

1195

БОАЖЯ  “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох чадавхыг бэхжүүлэх” болон “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” төсөлүүд хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын хэрэгжилт, төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах”  зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү уулзалтын зорилго нь Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн арга хэмжээний төлөвлөгөө, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар зөвлөлдөхөд оршино.

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтын үр дүнд гол оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрч, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг хангуулах арга зам, боломжийн талаар тодорхой шийдэлд хүрнэ хэмээн үзэж байна.

Хурлын үйл ажиллагааг нээж БОАЖ-ын  Дэд сайд Г.Түвдэндорж  хэлсэн үгэндээ “Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна салбар дундын хамтын ажиллагааг хангуулах, уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулах замаар үр ашгийг нь нэмэгдүүлэх асуудал чухал” байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Зөвлөлдөх хуралд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга  Ш.Цэрэндулам, холбогдох мэргэжилтнүүд болон УАӨСХАТ, УАӨ-ийн чиглэлийн төслүүд, хамтран ажиллаж буй хөгжлийн байгууллагууд, NDC Focal points, төрийн болон судалгаа шинжилгээний бусад байгууллагуудын 60 гаруй төлөөлөгчид оролцож харилцан туршлага солилцов.







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ