"Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох" хичээлийн сургагч багш нарыг бэлтгэв

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2021-11-22
7499

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх багийн боловсруулсан “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох” хичээлийн хөтөлбөрийг заах багш бэлтгэх сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд МУИС-ын II байранд зохион байгууллаа.

“Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох” хичээлийн зорилго нь дэлхийн уур амьсгалын системийн уялдаа холбоо, хэлбэлзэл, гадаад хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож буй үндсэн шалтгаан, хүний үйл ажиллагааны нөлөөлөл, цаашилбал нэгэнт бий болсон энэхүү өөрчлөлтийг сааруулах, өөрчлөлтөд дасан зохицох бодлого, арга хэмжээний талаар судлахад оршино.

Энэхүү хичээлийг судалснаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлууд, түүнийг бууруулах, дасан зохицох бодлого, арга хэмжээ; эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл болон хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох арга хэмжээний сайн туршлага, уламжлалт аргуудын талаарх мэдлэг, аргазүйг эзэмших ач холбогдолтой.

Сургалтыг “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох” сургагч багш нарт зориулсан хичээлийг хөтөлбөрийг боловсруулсан эрдэмтэн судлаачид удирдан явуулсан ба 6 их дээд сургуулийн 40 багш нар хамрагдсан байна. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар цаашид бакалаврын түвшинд уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох чиглэлийн мэдлэгийг түгээх мэргэшсэн багш нарыг ахисан түвшний сургалтаар гүнзгийрүүлэн бэлтгэх урьдчилсан нөхцөл бүрдэх юм.

  ЮНЕСКО-гийн 2010 онд боловсруулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол” гэсэн бие даасан сургалтын хөтөлбөрийг үндэслээд дэлхийн хөгжингүй орнууд болох Европын Итали, Герман, Голланд, Швед, Дани, Их Британи зэрэг улсууд, мөн Австрали, АНУ их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөртөө “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох” хичээлийг тусгасан байна. Мөн Итали улс их, дээд сургуулиудын бакалаврын түвшинд заавал судлахаар хуульчилсан байх жишээтэй. Хөгжиж буй орнууд Вьетнам, Доминикан, Кени, Коста-Рико, Мексик, Гана зэрэг улсууд, мөн хоёр хөрш орны сургалтын төлөвлөгөөнд нилээд хэмжээтэйгээр энэ төрлийн хичээл тусгагдсан байдаг байна.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ