Монгол хүний байгальтайгаа зохицон амьдрах ухаанд тогтвортой хөгжлийн зорилтууд багтсан байдаг

Танин мэдэхүй   Ярилцлагын булан /  2020-1-29
437

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалтаа өнөөдөр эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Тогтвортой хөгжлийн гол агуулга нь өнөөдөр хүмүүс ирээдүйд амьдрах хүмүүсийнхээ амьдралын ундарга болсон байгалийн баялгийг шавхахгүй, байгаль орчноо бохирдуулахгүйгээр өвлүүлэн үлдээх ёстой гэсэн санаа юм. Хэрэв хөгжиж буй улс орнууд хөгжлийнхөө төвшингөөр бусад хөгжсөн улсын, тухайлбал Америкийн төвшинд очтлоо байгалийн баялгаа ашигласаар байвал манай дэлхий дээр нэмээд дахиад хоёр ч дэлхий хэрэгтэй болно” гэлээ. 

Мөн “Амьдралын тулгуур гурван хэрэгцээ нь идэх хоол, өмсөх хувцас, толгой хорогдох орон байр. Үүн дээр оюун санааны хэрэгцээ нэмэгддэг. Энэ хэрэгцээг Монгол улс үндсэндээ төлждөг, эргэн сэргэдэг нөөцөөрөө хангах боломжтой. Харин зөвхөн хөгжлийн хоцрогдлоо нөхөх, зарим нэг салбараа түлхүү хөгжүүлэх, дэд бүтэц, замаа барихдаа эрдэс баялгийн нөөцөө ашиглах гэх байдлаар хөгжвөл Монгол улсын хувьд тогтвортой хөгжил болно” гэлээ. 

Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод үйлдвэр, хэрэглээний зохистой харьцаа, цэвэр эргэлттэй эдийн засаг, хаягдалгүй технологи гэсэн том зорилтууд бий. Хамгийн сонирхолтой нь эдгээр дэлхий дахины гоо зорилтууд болоод байгаа ойлголт бүгд монголын уламжлалт ахуйд нь шингэчихсэн байдаг. Бодоод үз л дээ. Нүүгээд явж байгаа айлд үнсээс өөс хаяг хаягдал гардаггүй. Уяа хийсэн гадсаа хүртэл аваад нүхийг нь бөглөөд явна. Эргээд нүүгээд ирэхэд газар нь нөхөн сэргээд ногооноор нь угтдаг байж"  гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал дурдав.

Тэрбээр энэ тухайгаа олон улсын хуралд онцолж "Эргээд ирээдүйгээрээ аялая" нэртэй илтгэл тавьж байсан нь олны анхаарлыг татаж байжээ. 

Бид уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйлийг өөрсдөөсөө холдуулж ойлгох гээд байдаг. Энэ талаар тэрээр 

 

"АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүлэмжийн хий, уур амьсгалын ойлголтуудыг үгүйсгэсэн зүйлс ярихаар дэмжиж ханардаг, монголчууд дэмий зүйлсэд санаа зовж байх гэх яриа гарч байгаа нь ажиглагддаг. Том гүрний ерөнхийлөгч байлаа гээд түүний ярьсан бүх зүйл үнэн биш шүү дээ. АНУ-д гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүссэн байгалийн гамшигаас болж хэдэн тэрбум доллараар хэмжигдэх хохирол амсдаг. Энэ бол дэлхий нийтээрээ ойлгож анхаарал хандуулж буй асуудал. Яг үнэндээ дэлхийн агаарын температур дунжаар өсөх хэмжээтэй нэг градус хүрэхгүй хэмжээнд байхад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хоёр градусаас их хэмжээгээр дулаарч байна. Энэ нь дэлхийн дунджаас эрчимтэй дулаарч байгаа гэсэн үг. Манай улсын тухайд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар мал аж ахуй, газар тариалангийн салбарт илүү ихээр мэдрэгдэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ууршилт ихтэй, хур тунадас нэмэгдэхгүй хэр нь орсон бороо нь хөрсөнд шингэхгүй ууршаад байх юм бол бэлчээрийн ургац муудна. Газар тариалангийн бүс нутагт ургамлын ид ургах хугацаанд нь хур тунадас хангалтгүй байх юм бол ургац алдах нөхцөл үүснэ. Үүнээс үүдээд энэ жил гэхэд авах ургацаа ч алдаж байна" гэлээ.

 

 

Сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн тоо 1.5 дахин нэмэгдэж, газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн аж. Сүүлийн 70-аад жилд Монгол нутагт ажиглагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн мал ахуй эрхэлж ирсэн хэдэн мянган жилийн түүхэн хугацаанд тохиолдож байгаагүй өөрчлөлт юм. Иймд цаг агаар, уур амьсгалаас шууд хамааралтай манай орны нийгэм, эдийн засагт эрсдэлтэй, үр дагавар нь уршигтай байхаар тооцоо гараад буй.

Мөн тэрээр мэргэжилтнүүдийн судалгаагаар манай улсын хүлэмжийн хийн ялгарлын 40 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл, мөн адил хувийг мал аж ахуй гаргаж байна. Тухайлбал мал хивэхэд амьсгалаараа болон ялгадсаараа их хэмжээний метан хий ялгаруулдаг гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч Ж.Батжаргал тайлбарлалаа. 

Манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хийнь хэдийгээр бага боловч нэг хүнд, нэг бүтээгдэхүүнд оногдож байгаа хувиараа хоёр хөршөөсөө, мөн дэлхийн бусад улс орноос өндөр байдаг байна. Тиймээс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ямар нэгэн үйлдэл хийхээс өөр аргагүй гэж мэргэжилтнүүд сануулдаг.  Хүлэмжийн хийг бууруулах бас нэг аргыг ургамлын нөмрөгийг нэмэгдүүлэх гэж үзэж байна. Ойн түймрийг багасгаж, хууль бус мод бэлтгэлийг бууруулж,монгол орны ургамлын  нөмрөгийг нэмэгдүүлбэл хүлэмжийн хийг шингээж чадна. Ингэснээр агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг гуравны нэгээр буюу 33 хувь хүртэл бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг байна. 

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”дараагийн уулзалт сургалтаа удахгүй зарлах юм байна. 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ