Монгол үзэсгэлэнгт газрууд


2021-3-26
4214

Монгол орны уур амьсгал

Монгол орны уур амьсгал

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евразийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай. Монгол орны уур амьсгалын гол  онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Монголд богино (VI сараас VIII сарын дунд хүртэл үргэлжлэх), хуурай зун, ихээхэн хүйтэн, урт (XI сараас IV сар хүртэл үргэлжлэх) өвөлтэй, хавар намрын улирлын үргэлжлэх хугацаа жилээс жилд өргөн хүрээнд хэлбэлздэг онцлогтой.

Агаарын дулаан, хүйтэн

Монгол орны жилийн дундаж температур 0.2°С (32°F), өвлийн улирлын дундаж температур -10°…-30°С (14°…22°F), зуны улирлынх нь 10°…27°С (50°…80°F) байна. Жилийн дундаж агаарын температур Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар –4°С (24.8°F)-аас хүйтэн, үүний дотор уулс хоорондын хотгор, томоохон  голын хөндийгөөр –6°C -аас –7.40С (21.2…18.7°F) хүйтэн, цөлөрхөг хээрийн бүсэнд 2°С (35.6°F)-аас дулаан, өмнөд говьд 6°С (42.8°F) -аас дулаан байна. Агаарын жилийн дундаж температурын 0°С-ын шугам нь Монгол орны цөлөрхөг хээрийн, /говийн/ бүсийн хойд хилээр дунджаар хойд өргөргийн 46 градусын дагуу байна. Агаарын жилийн дундаж температур –2°С (28.4°F)-аас хүйтэн нутагт мөнх цэвдэгт хөрс тархсан байдаг. Өвлийн улиралд үнэмлэхүй бага температур -28°С-аас -54°С (-18.4°...-65.2°F) хүрч хүйтэрдэг бол зуны улиралд үнэмлэхүй их температур 30°С-аас 45°С (86°…113°F) хүрч халдаг.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ